Нью-Йоркт төвтэй Цахилгааны инженерүүдийн хүрээлэн Хуавей компаний ажилтнуудыг судалгааны материал хянах ажилд оролцохыг хориглолоо.

Олон улсын технологийн мэргэжилтнүүдийн хамгийн том байгууллага болох тус хүрээлэнгийн энэхүү шийдвэр нь Хуавей компанид тавьсан Америкийн хоригоос үүдэлтэй юм.

Улмаар Пекин их сургуулийн профессор Жан Хайшиа уг шийдвэртэй санал нэгдэхгүй байгаа учир Цахилгааны инженерчдийн хүрээлэнгээс гарч байгаагаа мэдэгджээ. Хятадын зарим эрдэмтэд Цахилгааны инженерүүдийн хүрээлэнгийн шийдвэрийг шинжлэх ухааны эрх чөлөөг хязгаарлаж буй үйл ажиллагаа гэж үзсэн байна.

Улмаар нийгмийн сүлжээний хэрэглэгчид уг хүрээлэнгийн эсрэг бойкот зарлахыг Хятадын эрдэмтдээс шаардаж байгаа юм. Гэхдээ Хуавейгийн ажилтнууд санал өгөх, судалгааны материал нийтлүүлэх зэрэг бусад үйл ажиллагаанд хэвийн оролцох гэнэ.

Цахилгааны инженерүүдийн хүрээлэн ТББ нь 1963 онд байгуулагдсан бөгөөд өдгөө 160 гаруй орны 422 мянган технологийн мэргэжилтнүүдэд гишүүнчлэл олгоод байгаа юм. Тэдний 50 орчим хувьд Америк, бусад нь олон улсын цахилгаан, компьютер, инженерчлэлийн шинжлэх ухааны эрдэмтэд байна.

Эдгээрийн хэчнээн нь Хятадын эрдэмтэд болох нь тодорхойгүй ч Хуавейгийн ажилтнуудын 80 хувь тус хүрээлэнд гишүүнчлэлтэй юм. Тус байгууллага нь 200 гаруй протокол, сонин, сэтгүүл гаргадаг ба 103 оронд 1900 гаруй хурал зохион байгуулдаг аж.

Эх сурвалж: SCMP, Nikkei