ГХЯ-ны сайд Д.Цогтбаатар Америкийн олон улсын хөгжлийн агентлагийн Филиппин, Номхон далайн орнуудыг хариуцсан захирал Лоуренс Харди, тус улсын элчин сайд Майкл Клечески нартай уулзлаа. 

Уулзалтаар Олон улсын хөгжлийн агентлагийн зүгээс 2019-2021 онд хэрэгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд хамтарч ажиллах талаар санал солилцлоо. 

Мөн хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан Тогтвортой, хувийн хэвшилд суурилсан эдийн засгийн өсөлтийг хурдасгах стратегийн зорилтот буцалтгүй тусламжийн гэрээнд заасан Америкийн талаас манай улсад гурван сая долларын санхүүжилтийг олгохоор шийдвэрлэлээ. Тус гэрээг 2014 онд байгуулж, өнгөрсөн онд нэмэлт өөрчлөлт оруулсан юм. 

Хөтөлбөрийг сайн засаглал болон иргэний нийгмийн салбарт хэрэгжүүлэх бөгөөд худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ил тод байдлыг дэмжих, хариуцлага тооцох эрх зүйн орчныг сайжруулах, шийдвэр гаргах үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах юм.

Америкийн олон улсын хөгжлийн агентлаг нь 1991 оноос хойш Монголд идэвхтэй үйл ажиллагаа явуулж, 240 сая долларын техникийн болон санхүүгийн туслалцаа үзүүлжээ. 

Тус агентлагаас 2016-2021 онд LEAD хөтөлбөрийг хэрэгжүүлж, залууст иргэний боловсролын агуулга бүхий сургалт явуулах, олон улсын солилцооны хөтөлбөрт хамруулах зэргээр дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.