Монголын байт харвааны тамирчид санаачилсан 360 төслийн хүрээнд “Дайчин чанар- Тэсвэрийн талбай 360” байт харваан талбай Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нээлтээ хийлээ.

Нээлтэд улс төр, спорт, урлаг соёлын олон эрхмүүд хүрэлцэн ирсэн бөгөөд Ерөнхийлөгч Х.Баттулга нээлтэд оролцож үг хэлсэн юм.

Энэхүү талбайг тамирчид, ард иргэдийн хандиваар босгосон бөгөөд сайхан сэтгэлт олон хүмүүс бие сэтгэл, гар бие оролцжээ. Манай улсад анх 1960-аад оноос байт харваа хөгжиж ирсэн түүхтэй бөгөөд түүхэндээ анх удаа олон улсын жишигт нийцсэн байт харваан талбайтай боллоо.

Энэхүү талбайд хамгийн холдоо 90 метр харвах бол хамгийн олуулаа 32 хүн зэрэг харвах боломжтой байна. Түүнчлэн өвлийн улиралд бэлтгэл сургуулилт хийх дотор талбай, үзэгчдийн суудал саравч гээд бүгдийг нь цогцоор нь бүтээн босгожээ.

Ингэснээр мэргэжлийн тамирчид бэлтгэл сургуулилтаа зориулалтын талбайд хийхээс гадна сонирхогчид ч сум тавьж болох гэнэ. Энэхүү талбайгаас олимп, дэлхийд эх орноо мандуулсан олон харваачид төрөн гарах биз ээ.

Сонирхуулахад,  байтын харваан тамирчин Д.Дэмбэрэл 1971 онд Монголоос анх удаа дэлхийн аварга болж байсан бол 2008 оны Бээжингийн паралимпоос Д.Баатаржав алтан медаль хүртэж,  мөн л паралимпийн Олимпийн анхны аварга хэмээх эрхэм алдрыг эх орондоо авчирч байсан юм.