Хятадын Ухань хотод энэ сарын эхээр илэрсэн нууцлаг халдвар өдгөө 400 гаруй хүнд халдаж есөн хүний аминд хүрээд байна. Уг вирусын гарал үүсэл, шалтгаан, дамжуулагч зэрэг нь тодорхойгүй ба ДЭМБ олон улсын эрүүл мэндийн онц байдал зарлах эсэхийг шуурхай хурлаар шийдэх юм. 

Олон улсын эрүүл мэндийн онц байдал нь 2005 оноос хойш мөрдөгдөж байгаа мэдэгдэл бөгөөд улс дамжин халдварлаж болзошгүй, аюултай өвчний үед зарлана. 

Онц байдлыг хэзээ, хаана зарлаж, хэдий хугацаатай үргэлжлүүлэхийг 10 гишүүний бүрэлдэхүүнтэй судлаачдын хороо хэлэлцэж шийддэг юм. ДЭМБ өмнө нь 2009 онд H1N1, 2014 онд полио болон Эбола, 2016 онд Зика, 2018 онд Киву Эбола вирусын тархалтын үед олон улсын онц байдал зарлаж байжээ. 

Уг онц байдлын зорилго нь тухайн халдварын эрсдлээс сэргийлэхэд улс орнуудын анхаарлыг хандуулах юм. Гэвч халдвар гарсан улсын хөрш орнууд хилээ хаах, худалдаагаа зогсоох зэрэг сөрөг тал илэрдэг байна. Тухайлбал, 2014 онд Баруун Африкт гарсан Эбола вирусын улмаас онц байдал зарлахад олон орнууд Либер, Гвиней, Сьерра-Леоне улсын иргэдэд виз олгохоос татгалзжээ. 

Мөн зарим нислэгийн компаниуд эдгээр орон руу нислэг үйлдэхээ больсон нь эрүүл мэндийн ажилтнууд, тусламжийн байгууллагын үйл ажиллагаанд саад учруулсан байна. 

Иймд ДЭМБ-ын зүгээс хөрш орнуудыг хилээ нээлттэй байлгахыг зөвлөдөг гэнэ. Гэхдээ чинээлэг орнууд тухайн халдвар үүсгэгч оронд хандив, тусламж үзүүлэх замаар вирусын тархалтыг зогсооход хамтран ажиллах давуу талтай юм. 

Эх сурвалж: Washington post, WHO