ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өмч хувьчлалын үр дүнг заавал судалж, дүгнэх ёстой гэж үзэн ажлын хэсэг байгуулж, ахлагчаар ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Г.Баясгаланг томилж, холбогдох бүх байгууллагын төлөөлөллийг оролцуулжээ.

Тус ажлын хэсэг 28 жил явуулсан төрийн өмчийг иргэддээ хувьчлах ажил үр дүнгээ өгсөн эсэхийг дүгнэх бөгөөд 1992 оноос хойш цэнхэр, ягаан тасалбараар 928 объектыг иргэддээ тарааж хувьчилсан байна.

Эдгээрийг нэг бүрчлэн шалгаж үр дүнг нь тооцож гаргах шаардлагатай гэж ажлын хэсэг үзжээ. Харин энэхүү тооцоо судалгаанд үндэслэн дараагийн өмч хувьчлалын оновчтой гаргалгааг гаргах ёстой гэж Л.Оюун-Эрдэнэ үзсэн байна.

Засгийн газраас 2018-2020 онд хувьчлах ААН-ийн жагсаалтад бүрэн хувьчлагдах болон төрийн эзэмшлийн хувийг бууруулахаар Монголын Хөрөнгийн бирж, Төрийн банк, МИАТ, Монгол шуудан, Мэдээлэл холбооны сүлжээ зэрэг нэр бүхий 27 компанийг багтаагаад байгаа юм.

Үүнийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх товтой байгаа ч ЗГХЭГ-ын даргын томилсон тус ажлын хэсгийн дүгнэлт гартал хэлэлцүүлэхээс түр түдгэлзүүлэхээр болжээ.