Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар өмнөд Солонгосын ерөнхий сайд Ли Наг Ён өчигдөр манай улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.

Айлчлалын хүрээнд өнөөдөр ерөнхий сайд У.Хүрэлсүх түүнийг Чингисийн талбайд хүлээн авч уулзсан бөгөөд хоёр орны Ерөнхий сайд Чингис хааны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлсэн юм.

Ерөнхий сайд Ли Наг Ёны Монголд хийж байгаа энэхүү айлчлал нь өнгөрсөн оны нэгдүгээр сард Солонгост хийсэн ерөнхий сайд У.Хүрэлсүхийн айлчлалын хариу юм.

Энэ удаагийн айлчлалаар Ли Наг Ён ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй  албан ёсны хэлэлцээ хийх юм. Мөн өнөөдөр ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар нарт бараалхаж,  Монголд ажиллаж амьдарч байгаа Солонгос иргэд, бизнесийн төлөөлөлтэй уулзахаар төлөвлөжээ.