Өмнөд Солонгосын нэгэн гоо сайхны компани Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны зургийг нүүрний маск борлуулахдаа ашиглажээ. Хөрш улсын төрийн тэргүүний зургийг ийнхүү ашигласныг ёс зүйгүй үйлдэл хэмээн зарим дэлгүүр тус нүүрний маскыг худалдахаа болиод байна.

Арьсанд чийгшил өгч, цайруулах үйлчилгээтэй уг маск 4000 вонын үнэтэй ба энэ оны зургадугаар сараас худалдаанд гарч нийт 25 мянган ширхэг борлогджээ. Тус маскыг үйлдвэрлэгч 5149 компанийн захирал Квак Хён-жу "хоёр Солонгосын түүхэн ховор уулзалтыг тэмдэглэж ийм маск гаргасан" гэж тайлбарласан байна.

Тэгвэл Солонгосын өдөр тутмын хэвлэлд энэ явдлыг шүүмжилсэн нийтлэл гарсны дараа тус улсын тэргүүлэх сүлжээ дэлгүүрийн нэг Пиеррот Шоппин тус бүтээгдэхүүнийг худалдаалахаа зогсоосон байна.

Зургийн эх сурвалж: Chosun

Умардын залуу удирдагч Ким Жон Уны зурагтай нүүрний маскны талаар талууд байр сууриа олон янзаар илэрхийлж байгаагийн дотор Чөлөөт умард Солонгосын төлөө тэмцэгчид хүний эрхийн байгууллагын нийтлэл анхаарал татаж байна. Тус байгууллагын тэргүүн Пак Сан-хак “Ким Жон Уны үй олноор хөнөөх зэвсэгтэй болох амбицийг 'цөмийн зэвсэг мэт маск' гэх үгээр зөвтгөж, бүр гоо сайханжуулж байна” гэсэн юм.

Харин Нью-Йорк Таймс  сонин "Умард Солонгосын ард түмэн төрийн тэргүүнийхээ зургийг гэрийнхээ хойморт, энгэртээ залдаг боловч нэг удаа хэрэглээд хаядаг бүтээгдэхүүний сав баглаа боодол дээр хэвлэх нь байж боломгүй явдал юм" хэмээн мэдээлжээ.

Эх сурвалж: nytimes.com, chosun.com