Өмнөговь аймгийн МХГ-аас уул уурхай бүхий сумдын нутаг дэвсгэрт холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, стандартын хэрэгжилтийн байдалд сарын хугацаатай хяналт шалгалтыг тавдугаар сарын 15 хүртэл хийж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах талаар арга хэмжээ авчээ.

Уг шалгалтад аймгийн долоон сумын Ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй ААН, тэсэрч дэлбэрэх бодис, тээвэрлэлт, гаалийн хяналтын талбайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй нийт 91 ААН, байгууллага хамрагдсан байна.

Шалгалтаар хүний амь нас, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөтэй, өндөр эрсдэл бүхий гурван уурхайн үйл ажиллагааг зогсоожээ. Үүнээс олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа нэг, зам тээвэрлэлттэй холбоотой хоёр ААН, хоёр байгууллагын үйлдвэрийг лацадсан байна.

Мөн зөрчил гаргасан 81 ААН-ийг Зөрчлийн хуулиар торгож, 675 заалт бүхий 45 албан шаардлага, 105 заалт бүхий 21 зөвлөмж, гурван акт үйлджээ.

Дээрх арга хэмжээ авагдсан ААН-үүд үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй боловч холбогдох хууль тогтоомжийг удаа дараа зөрчин хүний амь нас хохирох, байгаль орчин сүйтгэх өндөр эрсдэлтэй байжээ.

Сүүлийн үед холбогдох хууль тогтоомж зөрчсөнөөс үүдэн уурхайд хүний амь нас эрсдэх тохиолдол удаа дараа гарсаар байгаа юм. Тодруулбал, он гарсаар Төв аймгийн Эко алтан Заамарын уурхайд дөрвөн иргэн, Налайхын уурхайд гурван иргэн, Сэлэнгэ аймгийн Шарын гол уурхайд нэг иргэн амиа алдсан байна.