Он гарсаар нэгдүгээр улиралд нийслэлд 6666 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх онтой харьцуулахад 1309 хэргээр буурч илрүүлэлт нэмэгдсэн үр дүнтэй байна.

Тухайлбал, хулгайлах гэмт хэрэг 36.2 хувь, дээрэм 47.6 хувь, хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх гэмт хэрэг 12.7 хувь, эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 13.3 хувь, халаасны хулгай 26 хувиар тус тус буурчээ.

Тэр тусмаа НЦГ-аас хүнд гэмт хэрэг, халаасны хулгайтай тэмцэх, бууруулах, сэргийлэх чиглэлээр арга хэмжээ авч ажилласан байна.

Үүний үр дүнд зохион байгуулалттайгаар халаасны хулгай хийдэг гурван бүлэг 15 этгээдийг дайчлан баривчилж, хууль бусаар гар утас худалдан авч, борлуулдаг гурван ченжээс 70 гаруй утас, бусад эд зүйлийг хурааж мөрдөн шалгах ажиллагааг явуулжээ.

Зураг: mongolia-today.mn

Мөн цагдаагийн байгууллагаас дээрэмдэх гэмт хэргийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор Бүлэг-2019 хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж байна.

Энэ хүрээнд дээрэмдэх хэрэгт шалгагдаж буй 17-35 насны 143 иргэнд хууль сурталчлах, давтан хэрэг үйлдэхгүй байх зэрэг сургалт зохион байгуулжээ. Мөн арга хэмжээний дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн 21 этгээдийг баривчилж, 76 хэргийг илрүүлсэн байна.

Түүнчлэн хөдөө орон нутгаас нийслэлд ирж гэмт хэрэг үйлдэж байгаа хүмүүсийн тоо өсөх хандлагатай байгааг цагдаагийн байгууллагаас мэдэгдлээ. Эдгээр хүмүүсийн дийлэнх нь нийтийн байр түрээслэн амьдардаг ба шөнө оройн цагаар гарч гэмт хэрэг үйлддэг байдал тогтоогдсон байна.

НЦГ-аас Нийтийн байр арга хэмжээний үеэр эрэн сурвалжлагдаж байсан 140 оргодол этгээдийг нийтийн байрнаас олж тогтоон, баривчилжээ.