Энэ онд Засгийн газар болон Монгол банкны зүгээс ипотекийн зээлийн эх үүсвэрийг сард хоёр удаа тогтмол олгож байхаар шийдвэрлэсэн ба он гарсаар ипотекийн зээлд 1190 орчим иргэд хамрагдсан байна.

Тухайлбал, өнгөрсөн сард Монгол банкнаас 15.9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 231 зээлийн хүсэлтэд олгохоор арилжааны банкуудад хуваарилжээ. Харин он гарсаар 155 гаруй тэрбум төгрөгийг олгосон ба үүний 59.6 тэрбум төгрөгийг Засгийн газраас үлдсэнийг Монгол банкнаас гаргажээ.

Өнгөрсөн онд ипотекийн зээлд 93.147 иргэн хамрагдаж, 5.828 иргэн шинэ орон сууцанд орсон бол энэ онд 4.800 өрхийг ипотекийн зээлд хамруулна гэсэн тооцоо байгаа юм. Харин иргэдэд олгох зээлийн дундаж хэмжээ 75 сая төгрөг ба 20 жилийн хугацаатай байна.

Энэ нь иргэн 100 саяын байрыг ипотекийн зээлээр худалдаж авахдаа, 30 сая төгрөгийг байршуулж, үлдсэн 70 сая төгрөгийг жилийн найман хувийн хүүтэйгээр 20 жилийн хугацаанд төлнө. Ингэснээр сард 586 мянган төгрөгийг банкинд эргүүлэн төлнө гэсэн үг юм.

Иймээс Банкууд зээлийг эрсдэлд оруулахгүй байх үүднээс шаардлага тавьдаг байна. Тухайлбал зөвхөн өөрийн хөрөнгө оруулсан байр худалдаж авах, дээрх хэмжээний зээл авахад гэр бүлийн сарын цэвэр ашиг 1.3 сая төгрөг байх зэрэг шаардлагыг хангасан тохиолдолд ипотекийн зээлд хамрагдах боломж бүрдэх юм.

Дашрамд дурдахад, Ипотекийн зээлд хамрагдахад даатгалын нэг жилийн гэрээ байгуулж, тодорхой мөнгө тушаадаг. Харин дараа жилээс нь даатгалаа сунгах эсэхээ өөрөө сонгодог бөгөөд иргэд ихэвчлэн даатгалд илүү мөнгө төлөхөөс татгалзах хандлагатай байдаг.

Тэгвэл энэхүү даатгалын сунгалтыг жил бүр хийх нь чухал юм. Учир нь, зээл авсан айлын гол орлоготой иргэн хөдөлмөрийн чадвараа алдах, амь насанд нь аюул учрах зэрэг болзошгүй нөхцөлд дээрх даатгал нөхөн олговор олгодог байна.