Он гарсаар улсын хэмжээнд зургаан аймгийн найман сум, нийслэлийн нэг дүүрэгт нийт 10 удаагийн усны осол гарч, 12 хүн амь насаа алдсаны гурав нь хүүхэд байна.  

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн, Бэлтэс, Үүр, Шишхэд, Хангай нурууны арын Чулуут, Идэр, Буянт голын усны түвшин өмнөх өдрөөс 30-115 см нэмэгдэж, Дэлгэрмөрөн, Бэлтэс, Ховд, Буянт, Булган, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-55 см даван хүчтэй үерлэжээ.

Гэвч цаашид ихэнх нутгаар үргэлжилсэн бороо орж, жижиг гол, хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух, гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж үерлэх магадлал өндөр байгаа юм. Тиймээс голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, ААН байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг ОБЕГ-аас анхааруулж байна.

Мөн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөлөө.

Амралтын өдрүүдэд орсон аадар борооны улмаас Төв болон Говь-Алтай суманд үер бууж, Төв аймгийн Лүн сум, Мандалговь чиглэлийн замын хөдөлгөөнийг өнөөдрийн 18:00 цаг хүртэл хаагаад байна. Зам засварын ажил хэзээ дуусах нь тодорхойгүй байгаа ч Лүнгийн замыг засварлахад 14-20 хоног шаардлагатай гэж зам арчлалт засварынхан дүгнэжээ.