Улсын онцгой комиссын шуурхай бүлэг 21 аймагт ажиллаж, газар дээрх нөхцөл байдалтай танилцлаа.

Шуурхай бүлэг орон нутагт ажиллах үеэрээ улсын нөөцөөс 50 хувийн хөнгөлөлттэй олгох 4000 тонн өвс, 3000 тонн тэжээлийг эздэд нь хүртээмжтэй хүргэх, гамшгийн үед ажилласан зардал, гарсан хохирлыг үнэн, зөв ирүүлэх, шар усны үерээс урьдчилан сэргийлэх, гуу жалганд хаягдсан мал амьтны сэг зэмийг устгах зэргийг холбогдох албаныханд үүрэг болгожээ.

Өнөөдрийн байдлаар Увс, Завхан, Хөвсгөл аймгийн ихэнх нутаг, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай аймгийн хойд, Баянхонгор аймгийн зүүн, Өвөрхангай аймгийн өмнөд, Өмнөговь аймгийн баруун, Дорнод аймгийн төв хэсгээр 1-20 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна.

Эдгээрээс Увс аймгийн Зүүнговь суманд 20 см, Хяргас суманд 18 см, Баруунтуруун суманд 17 см, Малчин суманд 13 см, Завхан аймгийн Яруу, Баянхайрхан суманд 13 см, Завхан аймгийн Улиастай, Тэс суманд 12 см, Хөвсгөл аймгийн Хатгал, Увс аймгийн Улаангом суманд 10 см зузаан цастай байгаа юм.

Ийнхүү зарим сумдад хаваржилт хүндэрснээс үүдэн оны эхний нийт малын 0.3 хувь буюу 213.1 мянган толгой мал хорогдоод байна.