Он гарсаар улсын хэмжээнд өчигдрийн байдлаар Улаанбаатар хот, Булган, Дорнод, Дорноговь, Дархан-Уул, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгийн 26 суманд 33 удаагийн ой, хээрийн түймэр гарсан байна.

Түймрийн улмаас урьдчилсан байдлаар 1.1 мянган га ой, 1.8 мянган га хээрийн талбай шатсан гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Эдгээр түймрийн голомтод Онцгой байдал, Хил, Цагдаагийн байгууллага болон орон нутгаас нийт 1590 гаруй хүн, хоёр нисдэг тэрэг, 191 автомашин, 13 мотоцикль, 54 морьтойгоор ажиллажээ.

Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Мандал, Дорнод аймгийн Баян-Уул, Булган аймгийн Хутаг-Өндөр, Могод суманд гарсан түймрийн тархалтыг зогсоож, цурманд оруулсан байна.

Түймрийн голомтод Онцгой байдлын байгууллага, Хилийн цэрэг, Цагдаагийн байгууллага, дархан цаазат газар болон сум, орон нутгаас нийт 300 гаруй хүн, 40 орчим техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа юм.

Ийнхүү хаврын хуурайшилттай, салхи шуургатай энэ үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан энэ мэтээр түймэр гарах тохиолдол их байгаа гэдгийг ОБЕГ-аас анхаарууллаа. Тухайлбал, он гарсаар зуслангийн чиглэлд болон гэр хорооллын иргэд хашааны өнжмөл шар өвсийг шатааж байгаад гал алдсан 30 удаагийн дуудлага иржээ.  

Иймд хаврын хуурайшилтын үед иргэд асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж байх, түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Мөн гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, гал унтраах багаж хэрэгслийг бэлтгэх зэрэг гал түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг албаныхан зөвлөлөө.