Өнгөрсөн оны байдлаар улсын хэмжээнд санаатай болон санаагүй хэлбэрээр хилээр хууль бус зүйл нэвтрүүлэх гэсэн 2028 зөрчил илрүүлсэн байна. Үүний 63 нь урьдаас төлөвлөгдсөн гэмт хэргийн шинжтэй байгаа гэдгийг Гаалийн ерөнхий газраас мэдэгдлээ.

Урьдаас төлөвлөгдсөн зөрчлийг гаргасан иргэдэд 2.1 тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан байна. Мөн гаалийн харилцаанд оролцож буй ААН байгууллагууд татвараас зайлсхийх зөрчлийг хамгийн түгээмэл гаргаж байгаа гэнэ.  

Харин энэ оны эхний хоёр сарын байдлаар 325 хууль бус үйлдлийг илрүүлсэн байна. Эдгээрийн 15 нь гэмт хэргийн шинжтэй байгаа ба эм эмийн бүтээгдэхүүн, хар тамхитай холбоотой зөрчлүүд ихээр илэрчээ.

Тухайлбал, он гарсаар хар тамхитай холбоотой таван зөрчил илэрсэн бөгөөд үүнээс дайвар ачаа авч явсан иргэд нэлээдгүй байгаа гэнэ. Иймд иргэд хилээр орж гарахдаа дайвар ачааг авахгүй байхыг онцгойлон анхаарууллаа.

Сануулбал, энэ сарын 11-нд Улаанбаатар хотын гаалийн газарт Солонгосоос иргэн Н-ийн нэр дээр “Миний хувийн хэрэглээний эд зүйлийг зохих журмын дагуу олгож өгнө үү” гэх хүсэлттэй 70 кг жинтэй хоёр хайрцаг эд зүйлс ирсэн байна.

Улмаар гаалийн хяналт шалгалт хийхэд хайрцгандаа 100 жижиг хайрцагтай нийт 400 хайрцаг Кундам гэх тариа байжээ. Тиймээс иргэд эм, эмийн бүтээгдэхүүн авахдаа заавал гаалийн хяналтаар нэвтэрсэн эсэхийг нягталж үзэхийг санууллаа.