Он гарсаар гол, нуурын мөс цөмөрч автомашин унасан, суусан 13 тохиолдол бүртгэгдсэн гэж ОБЕГ-аас мэдээллээ. Тус дуудлагын дагуу Онцгой байдлын алба хаагчид шуурхай ажиллаж, долоон хүний амь насыг аварсан байна.

Энэ сарын байдлаар манай улсын ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй байгаа ч гол мөрний дунд болон адгаар мөс аажмаар хайлж, харз, тошин үүсэх, мөс харлаж байгаа юм.

Ийнхүү цаг агаар дулаарч байгаатай холбоотойгоор цаашид мөсний зузаан эрчим буурч хэврэгших тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй гол, нуурын ойролцоо тоглуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Сануулбал, энэ сарын есөнд Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр цаа буга тээвэрлэж явсан УАЗ-451 загварын ачааны машин осолдож, гурван иргэн амиа алдсан юм.

Харин өнгөрсөн онд мөс цөмөрч, өвлийн улиралд усны ослоор 13 хүн амиа алдаж, олон тооны мал усанд живсэн тохиолдол удаа дараа гарчээ.