Иргэдийн аялал, зугаалга, амралтын өдрүүд үргэлжилж буй учир орон нутгийн замын хөдөлгөөний ачаалал их байгаа юм. Шинэ хичээлийн жил эхлэх гэж буйтай холбоотойгоор орон нутгаас нийслэлийг зорих хөдөлгөөн ихэсдэг. 

Гэвч үүний хэрээр орон нутагт гарах зам тээврийн ослын тоо буурахгүй байгааг албаныхан мэдээлж байна. Тухайлбал, өнгөрсөн амралтын өдрүүдэд гэхэд зам тээврийн ослын шинжтэй 296 дуудлага, мэдээллийг хүлээн авчээ.

Эдгээр бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэлд найман хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт нэг хүн амиа алдсан байна. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт гэхэд орон нутгийн замд ослоор 11 хүний амь нас хохирчээ. Үүнээс хоёр нь бага насны хүүхэд байсан бол мөн ослоос үүдэн дөрвөн хүүхэд гэмтсэн байна.

Иймд орон нутгийн замд гарч буй ослыг бууруулах үүднээс цагдаагийн байгууллагаас 21 аймаг буюу улсын хэмжээнд хяналт шалгалтаа 24 цагаар зохион байгуулаад ажиллаж байна. Нийт бүртгэгдсэн ослын шалтгаан нөхцөлийг авч үзвэл 97.7 хувь нь жолоочийн буруугаас үүдэн гарч байгааг ТЦА-аас мэдээллээ.

Тухайлбал, орон нутгийн замд гарсан нийт ослын дийлэнх нь хурд хэтрүүлснээс үүдэлтэй байна. Иймд орон нутгийн замд аймгуудын замын цагдаагийн хэлтэс тасгууд 3-4 километрийн зайд тээврийн хэрэгслийн хурдыг хэмжих хүчин чадалтай багажийг ашиглаж байгаа юм.

Өнгөрсөн жил 21 аймгийн замын цагдаагийн тасагт зөөврийн хурд хэмжигчийг хүлээлгэн өгсөн нь ийнхүү улсын хэмжээнд хурдыг хэмжих нөхцөл бололцоо хангагджээ.