Санхүүгийн зохицуулах хорооноос үнэт цаас, даатгал, банк бус санхүү болон хадгаламж зээлийн хоршооны зах зээлийн тоймыг танилцууллаа.

Даатгал, ББСБ болон хадгаламж зээлийн хоршооны салбарын хөрөнгийн хэмжээ 2018 оны жилийн эцсийн байдлаар өмнөх оноосоо 33.5 хувиар өсөж 1.8 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь 2017 оны жилийн эцсийн ДНБ-ний 16 хувьтай тэнцэж байгаа гэнэ.

Даатгалын салбарын нийт хураамжийн орлого өмнөх оноос 24.3 хувиар, ББСБ-ын чанаргүй зээл 3.1 нэгжээр буурсан, зээлийн хүртээмж, зээлдэгчдийн тоо өмнөх оноос 2.1 дахин нэмэгдсэн, Хадгаламж, зээлийн хоршооны зээлийн чанар сайжирч 5.4 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан зэрэг эерэг үзүүлэлтүүд гарчээ.

Хөрөнгийн зах зээл: Өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар Монголын хөрөнгийн зах зээлд 54 үнэт цаасны компани үйл ажиллагаа явуулж байгаа ба хороонд бүртгэлтэй нийт 305 хувьцаат компани байна. Үнэт цаасны зах зээлийн үнэлгээ 2,511.8 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх онтой харьцуулахад 2.9 хувиар өсчээ.

Даатгалын зах зээл: Хөрөнгийн хэмжээ нь 2018 онд.4 хувиар өсөж, 341.3 тэрбум төгрөгт хүрсэн нь ДНБ-ийн 1.3 хувийг эзэлж байна.

Банк бус санхүүгийн зах зээл: 2018 оны жилийн эцсийн байдлаар санхүүгийн зах зээлд нийт 539 ББСБ үйл ажиллагаа явуулж байна. Тус салбарын хөрөнгийн хэмжээ 1.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 32.5 хувиар өссөн байна.

Хадгаламж зээлийн хоршоо: Өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар зээлийн тусгай зөвшөөрлийн эрхтэй 279 хоршоо байгаагаас 63 хувь нь нийслэлд, 37 хувь нь хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж байна.Салбарын нийт хөрөнгийн хэмжээ 200.2 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оноос 30.7 хувиар өссөн байна.

Дашрамд дурдахад, Монгол банкнаас Санхүүгийн зохицуулах хороотой хамтран ББСБ буюу Монголын эдийн засаг, нийгэмд нөлөө бүхий 46 группд шалгалт явуулсан байна. Уг шалгалт энэ сарын 25-нд дууссан бөгөөд дүнг удахгүй танилцуулах гэнэ.