Сүүлийн нэг жилийн хугацаанд түүхий нефтийн үнэ 57 хувиар өсөж, баррель нь 75 доллар боллоо. Нефтийн үнийн өсөлтөд Агаарын тээврийн компаниуд дарлуулж, улмаар билетийн үнээ нэмэхээс өөр аргагүйд хүрэх төлөвтэй байна.

Австралийн Сидней хотноо энэ сарын 3-5-нд зохиогдсон Олон улсын агаарын тээврийн холбооны энэ жилийн ээлжит хуралдаанаар нисэх онгоцны шатахуун баррель нь 84 доллар хүрнэ гэж дүгнэжээ.

Агаарын тээврийн компаниудын нийт зардлын 25 орчим хувийг шатахуун эзэлдэг байна. Иймд компаниуд билетийн үнээ өсгөх эсвэл, шатахууны зардлаа хэмнэхийн тулд суудлын тоог багасгана гэж хуралд оролцсон мянга гаруй салбарын төлөөлөгчид хэлсэн байна.

Аялал жуулчлал 2018 онд долоон хувиар өснө гэсэн тооцоо байгаа юм. Олон улсын агаарын тээврийн холбооны үзэж буйгаар энэ онд дэлхийн нислэгийн компаниудын нийт ашиг 12 хувиар багасах юм байна.

Харин Америкийн агаарын тээврийн холбооны тэргүүн Скотт Кирби “салбарын өрсөлдөөн их учир билетийн үнэ огцом өсөхгүй” хэмээн таамаглажээ.

Сонирхуулахад 2014-2015 онд түүхий нефтийн үнэ баррель нь 50 доллар байсан бөгөөд энэ үеэр барууны орнуудад аялал жуулчлал цэцэглэж, агаарын тээврийн компаниудад хамгийн ашигтай үе байжээ. Тухайн үед Америкийн олон улсын нислэгийн билетийн үнэ 15 хувиар буурсан байдаг.

Эх сурвалж: Businessinsider, CNN