Энэ сарын дөрвөнд зүүн аймгийн зарим газраар, таванд баруун болон төвийн аймгийн хойд хэсгээр, зургаанд ихэнх нутгаар, долоонд баруун аймгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

Салхи дөрвөнд нутгийн зүүн хагаст түр зуур секундэд 16-18 метр, таванд зарим газраар, зургаанд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүртэл ширүүсэж шороон болон цасан шуурга шуурна.

Ингээд энэ сарын тавнаас төв болон зүүн аймгийн нутгаар, зургаанд ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байх гэнэ.

Харин говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байх төлөвтэй байна.