Энэ сарын 17-нд баруун аймгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас, 18-нд баруун болон төвийн аймгийн ихэнх нутгаар, 19-нд ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно гэж ЦУОШГ-аас мэдээллээ.  

Салхи 16-нд Алтайн салбар уулсаар, 17-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр, 18-нд ихэнх нутгаар, 19-нд говь талын нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүртэл ширүүсэж шороон болон цасан шуурга шуурна.

Харин Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, Их нууруудын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр голын хөндий, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байх төлөвтэй байна.

Харин говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна. 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд ихэнх нутгаар эрс сэрүүсэх гэнэ.