Эмэгтэйчүүдийн 57 кг, эрэгтэйчүүдийн 73 кг-ын барилдаан өнөөдөр явагдаж байгаа ба манай улсаас Л.Энх-Отгон, Г.Одбаяр, Ц.Цогтбаатар гэсэн бөхчүүд зодоглолоо. 

Эмэгтэйчүүдийн 57 кг-д барилдсан Л.Энх-Отгон энэ жилийн Европын наадмын аварга, Оросын Дарья Межецкаяад, 73 кг-д барилдсан Ц.Цогтбаатар Тажикстаны тамирчин Х.Бехрузитэй барилдаж цэвэр ялагдсанаар ДАШТ-ийг эхний тойрогт өндөрлүүлсэн юм.

Харин ДАШТ-ий хүрэл медальт, МУГТ Г.Одбаяр эхний тойрогтоо гоц мөргөн хоёрдугаар тойрогт Филиппиний бөх Накано Кэйсэйг хоёр вазари үнэлгээ авч, гуравдугаар тойрогт Египетийн Мохамедыг цэвэр ялж, шилдэг 16-т шалгарсан юм.

Улмаар шигшээ наймд үлдэхийн төлөө Туркийн жүдоч Билал Килоглутай барилдсан ч торгуулиар ялагдал хүлээснээр ийнхүү өнөөдөр барилдсан гурван тамирчид бүгд ДАШТ-ийг өндөрлүүллээ. 

Одоогоор манай улсын тамирчдаас тэмцээний эхний өдөр 48 кг-д барилдсан МУГТ М.Уранцэцэг хүрэл медаль, тэмцээний хоёр дахь өдөр 66 кг-д зодоглосон Ё.Басхүү шагналт тавдугаар байрт шалгарсан амжилт үзүүлээд байна. 

Тэмцээний дөрөв дэх өдөр буюу маргааш эмэгтэйчүүдийн 63 кг-д Б.Мөнгөнчимэг, Б.Ганхайч нар, эрэгтэйчүүдийн 81 кг-д О.Ууганбаатар нар барилдах юм.