Амралтын газар, найзындаа хонох зэргээр явахдаа оо сойзоо мартах тохиолдол бишгүй олон тохиолддог. Энэ үед амныхаа эвгүй үнэрийг дарах гэж олон арга хэрэглэдэг ч тэр бүр тусыг олох нь ховор байдаг. Тэгвэл оо сойзгүй үед шүдээ хэрхэн цэвэрлэх талаар багахан зөвлөгөө хүргэе.

Бохь

Хамгийн гол нь сахаргүй бохь. Хоол идсэний дараа сахаргүй бохийг 20 минут зажлаарай. Мөн ингэснээр хоол шингэц сайжрах нөлөөтэй.

Ус

Нэгэнт ой сойзоо мартсан учир хоол идсэнийхээ дараа амаа усаар зайлах нь зүйтэй. Энэ нь амны хөндийгөөс хоолны үлдэгдлийг гаргаж, эвгүй үнэр үнэртэхээс сэргийлнэ.

Цагаан идээ

Ааруул, ээзгий дэвтээсэн ус уух үр дүнтэй байх болно. Ийм ус нь амны орчинг тэнцвэржүүлж, бактерийн үржлийг сааруулан, шүдний цоорлоос сэргийлдэг байна.

Ургамлын тос

Уг тосоор амаа зайлснаар амны эвгүй үнэрийг дарж, эрүүлжүүлнэ. Мэдээж энэ нь амаргүй хэдий ч үр дүн сайтай юм шүү.

Хатаасан бяслаг

Хатаасан бяслаг идсэнээр шүдний өнгөр багасч, амны хөндийн орчин тэнцвэржин, шүд цоорохоос сэргийлнэ. Учир нь хатсан бяслаг нь шүлсний ялгарлыг нэмэгдүүлдэг байна.

Жимс ногоо

Эслэг ихтэй жимс ногоо идэх нь үр дүнтэй. Ялангуяа лууван, алим зэрэг нь шүдний өнгөрийг арилгана.

Гэвч эдгээр аргууд нь оо сойзоор цэвэрлэхээс илүү үр дүнтэй арга биш юм шүү. Тиймээс аргагүй тохиолдолд дээрх аргыг хэрэглээрэй.