Шинэчилсэн 19:41- Халдашгүй байдлын дэд хороо хоёр цаг гаруйн хугацаанд хаалттай хуралдаж, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг дэмжлээ. Уг асуудлыг байнгын хороодоор хэлэлцсэний дараа УИХ эцсийн шийдвэрийг гаргах юм.


УИХ дахь МАН бүлэг хаалттай хуралдаж, Ерөнхий прокуророос ирүүлсэн хүсэлтийн дагуу Н.Номтойбаярыг чөлөөлөх эсэхийг хэлэлцлээ. 

Бүлэг эцсийн шийдвэрээ гаргаагүй бөгөөд 15:30 цагаас Халдашүй байдлын дэд хороо хуралдаж, шийдвэрээ гаргасны дараа МАН бүлэг дахин хуралдах юм. 

Хурлын үеэр МАН-ын дарга, ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, шалгуулахыг Н.Номтойбаярт зөвлөсөн байна. 

Харин УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр бүлгийн хуралд орохынхоо өмнө сэтгүүлчдэд мэдээлэл хийж, “Би өөрийгөө хууль зөрчөөгүй гэдгээ нотолно. Би хууль зөрчөөгүй, гэмт үйлдэл гаргаагүй” гэжээ. 

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяртай холбоотой асуудал Ерөнхий прокуророос нууцын зэрэглэлтэйгээр ирсэн учир бүрэн эрхийг түдгэлзүүлэх үндэслэл тодорхойгүй байгаа юм. 

Гэхдээ ХНХЯ-ны сайд байхдаа Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн удирдлагуудтай бүлэглэн найман иргэн 21 хуулийн этгээдэд давуу байдал олгосон болон Г.Батхүү агсны амь насаа алдсан хэрэгтэй холбоотойгоор шалгагдаж байна.