Ерөнхийлөгч Х.Баттулгын Америкт хийсэн албан айлчлалын хүрээнд тус улсын Хууль зүйн сайд, Ерөнхий прокурор Уилльям Бартай уулзлаа. 

Энэхүү уулзалтад манай талаас улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд нар оролцжээ. Уулзалтын эхэнд хоёр талын прокурорын байгууллага хамтын ажиллагаагаа сайжруулж, харилцан боловсон хүчнээ сургахаар болсон юм. 

Мөн оффшор дансны асуудлыг хэлэлцэж, Америкийн талаас НҮБ-ын авлигын эсрэг конвенцийн тодорхой заалтын хүрээнд оффшор данстай холбоотой асуудлаар манай улсад туслалцаа үзүүлэхээ мэдэгдлээ.

Тухайлбал, оффшор болон авлигын мөнгөөр худалдан авсан Америк дахь үл хөдлөх, хөдлөх хөрөнгийг Монголын талд шилжүүлэх, ямар хөрөнгө хаана байгааг илрүүлэх зэрэг хүсэлтийн дагуу хүнд сурталгүй хурдан шуурхай ажиллаж туслалцаа үзүүлэхээр болсон байна. 

Уулзалтын дүнд Монгол-Америкийн прокурорын байгууллагын хамтын ажиллагаа шинэ шатанд гарахуйц үр дүнтэй болсон гэж албаныхан дүгнэсэн юм. Мөн ерөнхий прокурор Уилльям Барр Монголд айлчлах урилгыг хүлээн авсан байна.

Сануулахад, АТГ-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад Монголын иргэд оффшор бүсэд 85.933.063 долларыг байршуулсан нь тогтоогдсон юм. Үүнээс өнгөрсөн нэгдүгээр сарын байдлаар 20 албан тушаалтан оффшор дансаа мэдүүлж, 74.993.452 доллар буюу 197 тэрбум 982 сая 719 мянга 280 төгрөг Монголд орж ирсэн байна.