Америкийн залуу дизайнер Жерри Лорензогийн Fear of God брэнд дуучин Жастин Биберийн өнгөрсөн тавдугаар сард хийсэн Purpose аялан тоглолтод зориулж таван коллекц гаргасан юм. Уг коллекцод багтсан пудволк, малгайтай болон битүү цамц зэрэг нь тэр дороо л зарагдаж дууссан байна. 

Лорензо Христийн шашинтай гэр бүлд өссөн учир бурхнаас айх айдас гэсэн утгатай нэрийг брэнддээ өгчээ. Тэрээр анх 2013 онд брэндээ эхлүүлсэн ба хүүхэд насных нь шүтээнүүд болох The Breakfast Club киноны Жон Бендерийн дүр, Нирвана хамтлагийн дуучин Курт Кобайн, NBA-ын тамирчин Аллен Айверсон нараас загварын санаагаа авсан байна. 

Image result for fear of god jerry lorenzo
Үүсгэн байгуулагч Жерри Лорензо

Улмаар Лорензо хажуу талдаа цахилгаантай шоон хээтэй улаан цамц, салтаа нь унжсан саарал өмд, томдсон бомбер хүрэм зэрэг загваруудыг бүтээжээ. Эдгээр хувцас нь Япон, Италийн өндөр чанартай даавуугаар хийгддэг ба заримдаа армийн мишок зэргийг ч ашигладаг байв. Үүний хувьд харьцангуй өндөр буюу 150-1095 доллар байжээ. 

Лорензо эдгээр хувцсаа олон давхарлах тусам загварлаг харагддаг гэж үздэг бөгөөд энгийн хэдий ч үнэ цэнэтэй байлгахыг эрмэлздэг байна. Бусад уламжлалт брэндүүдээс ялгаатай нь Лорензо хүссэн цагтаа коллекц гаргадаг. 

Хамгийн сүүлд гаргасан дөрөв дэх коллекцын сурталчилгааны бичлэгт дуучин Крис Томлины “Бидний бурхан ямар агуу вэ” дууг ашигласан ба Fear of God-ыг “Бурхны брэнд” гэж тодорхойлдог байна. Гэхдээ энэ нь Христийн шашны хувцас биш түүний дуртай зүйлсийг илэрхийлдэг ба үүний нэг нь Бурхан гэж Лорензо ярьсан юм. 

Fear of God брэнд нь Supreme, John Elliott, Stampd зэрэг гудамжны загварын брэндүүдтэй харьцуулагддаг. Гэвч Христийн шашинтнууд ч гудамжны чөлөөт загварын хувцас өмсөж болно гэсэн санааг гаргаснаараа бусдаас ялгардаг юм. 

Лорензо өөрийгөө дизайнер гэхээсээ илүү соёлын хэв маягийг гаргагч гэж үздэг бөгөөд хуучинсаг загварыг шинэлэг зүйлстэй хослуулах дуртай. Жишээ нь, шагайгаар татсан өмдөнд нэмэлт цахилгаан оёсноор гутал, пүүзтэй сайхан хосолдог, жинсэн хүрэмний цайралттай хэсгийг урвал илүү загварлаг харагддаг гэж үздэг байна. 

Лорензо 2013 онд Канье Уестийн Yeezy брэндийн дизайнерийн багт ажилласан юм. Тэдний шашны итгэл үнэмшил адил байснаар гадна загварууд нь ч хоорондоо гайхалтай зохицсон байна. 

Image result for fear of god justin bieber

Харин 2015 онд Жастин Бибертэй хамтран ажиллах болсон нь хамгийн том боломжийг нээжээ. Лорензо Биберийн стилист Карла Уелч, менежер Скутер Браун нартай хамтран Purpose тоглолтын хувцсыг нь зохион бүтээсэн юм. Улмаар тоглолтын хувцаснуудыг Биберийн фэнүүд болон иргэдэд худалдаж эхэлснээр Fear of God брэндийн нэр хүнд өссөн байна. 

Лорензо брэндээ ямар ч үнээр зарахгүй гэсэн ч илүү том боломж олдвол загварын ертөнцийг орхиж магадгүй гэсэн юм. 

Эх сурвалж: The cut