Өрхийн нийгэм, эдийн засгийн энэ оны хоёрдугаар улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 194.4 мянган төгрөг буюу 18.4 хувиар өслөө.

Энэхүү өсөлтөд цалин хөлсний орлого 21.7 хувь, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 39.8 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

Гэвч нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага хоёрдугаар улиралд 1.3 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 203 мянган төгрөг буюу 18.5 хувиар өслөө. Үүнд хүнсний бус бараа, үйлчилгээний болон бусад зарлага 19.3 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Өрхүүдийг мөнгөн орлогоор нь бүлэглэн авч үзэхэд 300 мянган төгрөгөөс доош орлоготой өрх 38.5 мянгаар, 300- 500 мянган төгрөгийн орлоготой өрх 20.9 мянгаар тус тус буурчээ. Харин 1.6-2,1 сая төгрөгийн орлоготой өрх 24.6 мянгаар, 2,1 сая төгрөгөөс дээш орлоготой өрх 39.9 мянгаар нэмэгджээ.

Өрхийн зарлагын хувьд 3000 мянган төгрөгөөс доош болон 300-500 мянган төгрөгийн 26-37 хувь хүртэл буурсан бол 1.6-2.1 сая төгрөг болон түүнээс дээш зарлага гаргасан өрхийн тоо 20-46 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Мөн энэ оны хоёрдугаар улирлын байдлаарх үзүүлэлтээс харахад нэг хүнд ногдох сарын дундаж бодит орлогын хэмжээ амьжиргааны доод түвшнээс улсын хэмжээнд 74,9 хувиар илүү байгаа юм.

Дашрамд дурдахад, энэ оны хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр нэг хүнд ногдох ДНБ 8.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 590.5 тэрбум төгрөгөөр буюу 7.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна.