Нэг өрхийн сарын дундаж орлого нэг сая төгрөг болж, зарлага нь 1.1 сая төгрөг болон өссөн гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Хэдийгээр өрхийн орлого өнгөрсөн оноос 15 хувиар өссөн хэдий ч, үүнийгээ дагаад зарлага 12 хувиар нэмэгдсэн байна.

Гэр бүлийн тогтвортой байдалд нөлөөлдөг олон чухал үзүүлэлтийн нэг нь санхүүгийн нөхцөл юм. Тухайлбал, гэр бүлийн социологийн судалгаагаар гэр бүл салалтын шалтгааны 54.0 хувь нь итгэл алдарсан, 47.3 хувь санхүүгийн бэрхшээлтэй, 41.3 хувь нь гэр бүлийн хүчирхийллээс үүддэг гэсэн байна.

Түүнчлэн нийт өрхийн 46 хувь нь “орлого нь амьжиргаанд хүрэлцдэггүй” гэжээ.  Үүнээс болж санхүүтэй холбоотой маргаан гардаг эсэхийг судлахад долоон хувь нь тийм, 72 хувь нь хааяа, 21 хувь нь үгүй гэж хариулсан байна.

Эдгээрээс үзэхэд гэр бүлийн тогтвортой байдалд санхүүгийн нөхцөл байдал хэрхэн нөлөөлж байгаа нь харагдаж байна.

Сүүлийн үед гэр бүл салалт их байгааг албаныхан онцолсоор байна.Тухайлбал, сүүлийн таван жилд 18 мянга гаруй гэр бүл салж, 13.400 хүүхэд өнчирчээ. Салалтын шалтгаан нь голдуу амьдралын хэв маяг, нийгмийн байдал, ажилгүйдэл, санхүүгийн нөхцөл, хууралт зэргээс үүдэлтэй  байна.