Монголын ШУА, Түүх археологийн хүрээлэн, Германы археологийн хүрээлэнтэй хамтран хийсэн судалгааны явцад түүхийн үнэт олдворуудыг илрүүлжээ.Тодруулбал, судалгааны баг 2007 оноос хойш  Архангай аймгийн Хотонт сумын нутаг, Хархориноос зүүн хойш 40 км-т Орхоны хөндийд байдаг эртний Уйгарын нийслэл Хар балгас хотод малтлага хийжээ.

Хар балгас хот нь наймдугаар зуунд үүсэж, 100 жил оршин тогтносон хот юм. Судлаачид сүүлийн жилүүдэд энэхүү хотын ордон байсан хэсэгт малтлага хийхэд ордныг тойроод цамхаг байрлаж, түүнийг тойрсон нэлээдгүй барилга байсныг тогтоожээ.

Цамхаг байрласан хэсэгт 60х70 хэмжээтэй 14-15 метр өндөрлөгдсөн хэсэгт судалгаа хийхэд хааны ордны усны хэрэгцээг хангаж байсан худаг олдсон байна. Худгийн нүхийг малтахад 13 метр гүнзгий боржин чулуугаар зургаан тал гарган доторлож барьсан байжээ. Худгийг доторлосон нэг боржин чулуу нь 6 тонн орчим жинтэй төдийгүй нэг үед гурван ширхэг доошоогоо 12 үе байсан байна. Харин усны судлыг модоор хийж, ус хадгалах тасалгаа байгуулсан байжээ.

Зураг: Ikon

Уг худгийг судлахад инженерийн маш нарийн зохион байгуулалттай, ус гарах цооног ухам зэргийг нарийн тооцоолж, цагт 1.2 тонн, хоногт 20 гаруй тонн ус гаргах хүчин чадалтай байсан тогтоогдсон байна.

Харин худгийн ёроолд лакаар бүрсэн хоёр модон багана, том хэмжээтэй алтадсан цоож, гантиг чулуун арслан, модон хиргисүүр, Нангиад бичигтэй хүрэл хонх, төрөл бүрийн шавар сав суулга олдсон байна. Тухайлбал, хонхон дээрх бичгийг тайлахад ордноо магтаж дуулсан утгатай бичиг байснаас гадна дуугаргахад хөг эгшиг нь алдагдаагүй байжээ.

Зураг: Ikon

Мөн ваар саван дээр нь Булган аймагт байдаг Уйгарын хааны гэрэлт хөшөөний тамга тэмдэг дараатай байсан гэнэ. Худгаас олдсон олдворууд 1200 гаруй жилийн настай бөгөөд 840 онд Хар балгас хотыг Киргизүүд дайрч мөхөөснөөс хойш тэр чигээрээ хадгалагдан үлдсэн гэдгийг архлеогичид хэллээ. Үүнээс гадна зэр зэвсэг хутга, сөргө зэрэг олдворууд олдсон байна.

Эдгээр олдворуудаас үзэхэд тухайн үед нүүдэлчдийн дунд гар урлал маш өндөр төвшинд хөгжсөн байсныг илтгэж байгаа гэнэ. Одоогоор олдворуудыг Улаанбаатарын Соёлын өв үндэстний төвд аваачсан ба цаашид сэргээн засварлах, хадгалалтыг хангах үүднээс Герман, Японы сэргээн засварлалтын эрдэмтэдтэй хамтран ажиллаж байгаа гэдгийг архлеогичид хэллээ.  

Зураг: Ikon