Нийслэлийн онцгой комиссийн хуралдаанаар өрхийн орлого багатай, халамжийн үйлчилгээ авдаг айл өрхийг энэ сарын 10-ны дотор сайжруулсан түлшээр хангаж, холбогдох зардлыг халамжийн үйлчилгээний чиглэлээр шийдвэрлэхээр боллоо. 

Мөн хороо тус бүрээр эрсдэл бүхий айл өрхийн судалгааг нарийвчлан гаргаж, нэн шаардлагатай айл өрхийн пийшин, зуухны галлагааны аюулгүй байдлыг хангуулж, Тавантолгой түлш ХХК-тай хамтран шахмал түлш тараахыг хотын дарга С.Амарсайхан үүрэг болгосон юм.

Түүнчлэн Орос, Хятад, Солонгосын лабораториудад шинжлүүлсэн сайжруулсан шахмал түлшний шинжилгээний хариуг НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун танилцууллаа.

Шинжилгээгээр шахмал түлш нь 5679:2019 стандартын техникийн шаардлага хангасан буюу чөлөөт хөөлтийн зэрэг нь бүх лабораторийн шинжилгээгээр нэг гэсэн үзүүлэлтэй гарсан байна. Энэ нь коксжих зэрэг бага, эрчим хүчний нүүрс бөгөөд ахуйд хэрэглэж болно гэсэн үг юм.

Энэ сарын нэгэнд СБД-т 26 настай эрэгтэй угаартаж нас барсан ба тэрээр яндангаа сугалж, өрхөө битүүлсэн байжээ.

Сануулбал, өнгөрсөн сарын дөрвөнөөс хойш нийт найман иргэн угаартаж нас барсан ба гурван иргэний шүүх эмнэлгийн хариу гарсан байна. Шинжилгээгээр нүүрстөрөгчийн дутуу исэлийн цочмог хордлогоор нас барсан гэх дүгнэлт гарчээ.