ХУД-ийн 16-р хороо, Буянт-Ухаа спорт цогцолбор орчимд 940 айлын Орлогод нийцсэн орон сууцны төслийн ажилтай хотын дарга С.Амарсайхан танилцлаа. Тус барилгын шавыг тавдугаар сард тавьсан ба байрны нэг ам.метр нь нэг сая 450 мянга байхаар компанитай гэрээ байгуулсан байна. 

Нийт зургаан блок 940 айлын орон сууц баригдахаас энэ жил дөрвөн блок 896 айлын орон сууц баригдаж байгаа юм. Барилга угсралтын ажил 90 гаруй хувьтай байгаа ба 2020 оны хоёрдугаар хагаст бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Мөн төслийн хүрээнд 120 хүүхдийн цэцэрлэг, 180 хүүхдийн бага сургуулийн бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгэх юм.

Үүний дараа хотын дарга Морингийн даваа орчимд Орлогод нийцсэн орон сууц төсөл хэрэгжүүлэх талбайд очсон байна. Нийт 129 га талбайд сургууль, цэцэрлэг зэрэг төрийн бүхий л үйлчилгээг төвлөрүүлсэн орон сууцны иж бүрэн хороолол барих юм. 

Эхний ээлжид 46 га талбайд төлөвлөлт хийсэн ба төсөл хэрэгжүүлэх компаний сонгон шалгаруулалтыг зарлахад бэлэн болсон байна. 

Сануулбал, Европын Сэргээн босголт хөгжлийн банкны 25 сая долларын санхүүжилтээр 700 айлын орон сууц барихаар болсон юм. Уг орон сууцыг Ханын материал орчимд барихаар төлөвлөөд байна.