Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орж алт, мөнгөн эдлэл, бурхан, зургийн аппарат, хөөрөг, эртний эдлэл зэргийг хулгайлсан хоёр этгээдийг баривчиллаа.

Сэжигтнүүд 1991, 1987 онд төрсөн бөгөөд энэ төрлийн гэмт хэргээр удаа дараа ял, шийтгэл эдэлж байжээ. Тэд урьдчилсан мэдүүлэгтээ нийт хулгайн 40 үйлдлээ мэдүүлсэн байна.

Эд мөрийн баримтаар есөн ширхэг бурхан, хэт утга, мөнгөн аяга, ташуур, алт мөнгөн эдлэл, сейф, хөөрөг шүр, алтан зоос, мөнгөн хүрд зэрэг эд зүйлийг хураажээ.

Иймд орон байрнаасаа эд зүйлээ алдсан иргэдийг мөрдөн байцаах албанд хандахыг зөвлөж байна. Манай улсад бүртгэгдэж буй гэмт хэргийн 80 гаруй хувийг хулгайлах, залилан мэхлэх, бусдын биед гэмтэл учруулах, зам тээврийн гэмт хэрэг эзэлж байгаа юм.