Эмэгтэйчүүдийг дэмжих замаар орон нутгийн сүүний үйлдвэрлэлийг сайжруулах дэд хөтөлбөрийн хүрээнд хүрээнд дөрвөн аймгийн зургаан суманд “Гэр гал тогоо” нэртэй сүү боловсруулах жижиг цех байгуулахаар төлөвлөжээ.

Энэхүү цех нь өдөрт 500 орчим литр сүү боловсруулж, 5-6 нэр төрлийн сүүн бүтээгдэхүүнийг орчин үеийн технологиор үйлдвэрлэх юм байна. Цаашлаад 10 орчим хүнийг ажлын байраар хангаж, жилд 127,9 сая төгрөгийн борлуулалт хийн 7,1 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллах боломжтой гэнэ.

Ингэснээр орон нутагт ажлын байр шинээр бий болж, эмэгтэйчүүдийн бүлэг, хоршоо тогтмол орлогтой байх нөхцөл бүрдэж байгаа юм.  

Уг ажлын хүрээнд  Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын "Сүүн цацал", Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын "Баяжих" холбоо гэсэн сүү үйлдвэрлэгч эмэгтэйчүүдийн бүлэгт цехийн тоног төхөөрөмжийг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Мустафа Синасеир гардуулан өглөө.

Мөн төслөөс 12 хүнийг сургагч багшаар бэлтгэж, орон нутгийн сүү үйлдвэрлэгч зургаан бүлгийн 120 гаруй эмэгтэйчүүдэд “Гэр гал тогоо” цехийн тоног төхөөрөмжийг ашиглан, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн уламжлалт цагаан идээг боловсруулах аргыг заасан байна.

Сүү нь биологийн идэвхтэй бүтээгдэхүүн бөгөөд гашилж муудах нь амархан байдаг. Харин үйлдвэрийн аргаар боловсруулалт хийснээр чанар дээжилж, хадгалах хугацаа нь уртсах юм.

Манай улс сүүний хэрэгцээнийхээ 20 гаруй хувийг л дотооддоо үйлдвэрлэдэг бөгөөд үлдсэнийг нь импортоор авдаг байна.