Нийгмийн даатгалын ерөнхий газрын өнгөрсөн оны НДШ төлөгчдийн тайланд 40.5 мянган ААН, байгууллагын 652.2 мянган ажиллагчид хамрагдсан байна. Уг тайланд хамрагдсан эдгээр ажиллагчдын цалингийн хэмжээг авч үзвэл:

  • 46.4 мянга нь 240.000 төгрөг хүртэлх цалинтай,
  • 112.2 мянга нь 240.001-500.000 төгрөгийн цалинтай,
  • 213.3 мянга нь 50.0001-900.000 төгрөгийн цалинтай,
  • 140.9 мянга нь 900.001-1.300.000 төгрөгийн цалинтай,
  • 36.2 мянга нь 1.300.001-1.500.000 төгрөгийн цалинтай,
  • 103.3 мянга нь 1.500.001 төгрөгөөс дээш цалинтай байна.

Эдгээрээс 240-900 мянган төгрөг хүртэлх цалинтай иргэд буурсан бол 1.5 сая болон түүнээс дээш цалинтай ажилчдын тоо нэмэгджээ.

Ажиллагчдын сарын дундаж цалинг бүсийн хэмжээнд авч үзэхэд 736.7- 934.5 мянган төгрөг хооронд байгаа нь улсын дунджаас 180-380 гаруй мянган төгрөгөөр бага байна. Эдгээрээс хамгийн бага цалинтай нь баруун бүсийн иргэд байгаа бол хамгийн их нь төвийн бүс байгаа юм.

Харин Улаанбаатар хотод ажиллагчдын сарын дундаж цалин 1.2 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 135.4 мянган төгрөгөөр их байна. Үүнээс гадна уурхайн салбарт ажиллагчид хамгийн их буюу 2.5 сая төгрөг дундаж цалинтай байгаа бол хамгийн бага нь үйлчилгээний салбар буюу 704.2 мянган төгрөгийн цалинтай байгаа юм.

Иргэдийн ажилгүйдлийн байдлын талаарх мэдээллээс харахад өнгөрсөн сарын эцсийн байдлаар бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 33.9 мянга байгаа нь өмнөх оны мөн үеэс багахан хэмжээгээр нэмэгджээ. Эдгээр бүртгэлтэй ажилгүй иргэдийн талаас дээш хувийг 15-34 насны хөдөлмөр насны залуучууд эзэлж байгаа юм.