ЭМЯ-аас Японы Жайка олон улсын байгууллагатай хамтран 2017-2021 онд хамтарсан төсөл хэрэгжүүлж байгаа юм. Төслийн хүрээнд өнгөрсөн жил Говь-Алтай, Өвөрхангай аймгийн 35 сумын эмч мэргэжилтнүүдийг Японд эх барих эмэгтэйчүүдийн чиглэлээр сургасан байна.

Тэгвэл энэ удаад их эмч, эх барих эмэгтэйчүүдийн чиглэлийн орон нутгийн найман эмч мэргэжилтнүүдийг Японд нэг сарын хугацаанд мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулахаар боллоо.

Мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдах эмч нартай Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл уулзаж, амжилт хүслээ.

Зураг: ЭМЯ

Тэрээр “Сүүлийн жилүүдэд төрөөс эрүүл мэндийн ажилтнуудын сургалтад зориулж төсөвт мөнгө суулгадаг болж, иргэд байдгаа барж гадагшаа явж эмчлүүлдэг, валют гадагшаа урсдаг явдлыг зогсоох зорилт тавьсан” гэлээ.

Иймд ЭМЯ-аас орчин үеийн анагаахын шинжлэх ухаантай хөл нийлүүлж, улсын төсөв болон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж өндөр хөгжилтэй түнш орнуудад мэргэжилтнүүдээ сургах үйл явц явагдаж байгааг онцоллоо.

ЭМЯ-аас өнгөрсөн онд улсын төсвийн 2.8 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 95 эмч, төсөл хөтөлбөрийн шугамаар 85 эмчийг Япон, Солонгос, Орос, Америк, Унгар зэрэг улсад сургасан байна. Үүний дүнд гадаадад зайлшгүй шаардлагаар эмчлүүлдэг 39 өвчний 14-ийг нь эх орондоо оношилж, эмчилдэг болжээ.

Дашрамд дурдахад, манай улс эрүүл мэнднийн салбарт хамтран ажиллах түнш орныхоо тоог нэгээр нэмж, өнгөрсөн 12-р сард Лаос улстай анагаахын салбарт 2018-2020 он хүртэл хамтран ажиллах протокол байгуулсан юм.

Зураг: ЭМЯ