БСШУСЯ-ны сайд Ё.Баатарбилэг Дэлхийн боловсролын сайд нарын чуулга уулзалтын үеэр Кембриджийн Олон улсын шалгалтын төвийн удирдлагатай уулзлаа. Уулзалтаар зарим аймгийн ерөнхий боловсролын таван сургуулийг Кембриджийн хөтөлбөртэй болгохоор шийдвэрлэсэн байна. 

Мөн хөтөлбөрийг хэрэгжүүлэх менежмент, суралцагч, багш, байгууллагын үнэлгээний тогтолцоо, төрөл, хэлбэрийг боловсронгуй болгох, хэрэгжүүлэх асуудлаар зөвлөх үйлчилгээ үзүүлэхийг хүсжээ.

Түүнчлэн Кембриджийн хөтөлбөрөөр хичээллэж буй төрийн өмчийн гурван сургуулийн багшийг мэргэжил дээшлүүлэх, чадавх бэхжүүлэх сургалтад хамруулах санал тавьсан байна. 

Ийнхүү манай улсын 40 лаборатори сургуулийн англи хэлний багшийг мэргэшүүлэх чиглэлээр Их Британи, Ирландад төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо. 

Сонирхуулбал, Кембриджийн хөтөлбөр нь дэлхийн 160 улсад хэрэгждэг ба Монголд хэрэгжүүлж буй сургуулиуд үндсэн хичээлээ англи хэлээр заадаг юм. Ингэснээр 8-р анги төгсөөд олон улсын шалгалт өгөх эрхтэй болж, 12-р ангиа дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн дипломтой төгсдөг байна.