Оросын цэрэг, техникийн хамтын ажиллагааны холбооны албаны нэгдүгээр орлогч захирал Андрей Артурович Бойцов тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчилж байна. Айлчлалын хүрээнд Батлан хамгаалахын сайд Н.Энхболд төлөөлөгчидтэй уулзаж, хоёр улсын цэрэг техникийн хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтын дүнд  цэрэг, техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 2023 он хүртэл сунгах шийдвэр гаргалаа.

Оросын ерөнхийлөгч Путин манай улсад айлчлах үеэрээ тус гэрээг сунгах тухай албан бичигт гарын үсэг зурах юм.

Сүүлийн жилүүдэд Монгол, Оросын цэргийн харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжин шинэ түвшинд гарч байгаа ба үүнд Оросын талын хүчин чармайлт голлох үүргийг гүйцэтгэсэн гэдгийг албаныхан онцоллоо. 

Халх голын ялалтын 80 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Оросын ерөнхийлөгч Путин манай улсад есдүгээр сарын 2-3-нд айлчлал хийнэ.