Орос Турктэй худалдаа хийхдээ доллар бус үндэсний мөнгөн тэмдэгт ашиглахыг дэмжинэ гэж Оросын гадаад хэргийн сайд Сергей Лавров Мягмар гарагт мэдэгджээ. Гэвч Туркийн мөнгөн тэмдэгтийн хямралд туслах талаар яриагүй байна.

Сергей Лавров Туркийн гадаад хэргийн сайд Мевлүт Чавушолутай Анкара хотод Мягмар гарагт уулзсан юм. Уулзалтын хүрээнд хоёр тал стратегийн түншлэлээ сайжруулж, Сирийн нөхцөл байдлыг намжаахаа амласан байна.

Турк, Америкийн Засгийн газрын хагарлаас болоод энэ долоо хоногт лира ам.долларын эсрэг 20 гаруй хувь сулраад байна. Энэ сарын эхээр Америк хоёр жилийн өмнө баривчлагдсан пастор Эндрю Браныг суллуулах зорилгоор Туркийн хууль зүйн болон дотоод хэргийн сайд нарт хориг тавьсан юм. Харин Туркийн ерөнхийлөгч Режеп Тайп Эрдоган ижил хариу барьсан байна.

Орос ч Америкийн Засгийн газрын хоригт өртөн, энэ сарын эхээр рублийн ханш ам.долларын эсрэг 10 хувь унажээ.

Тэгвэл Оросын гадаад хэргийн сайд Анкара хотод хэвлэлийн бага хурлын үеэр “Хоорондын худалдаандаа үндэсний мөнгөн тэмдэгт ашиглах нь Орос, Туркийн ерөнхийлөгчдийн хэдэн жилийн өмнө тавьсан зорилтуудын нэг юм. Иран, Хятадтай үүнтэй ижил ажлыг хэрэгжүүлж эхэлж байна” гэжээ.

Цаашлаад, “Дээрэнгүй Америк доллар дэлхийн гүйлгээнд гүйцэтгэх үүрэг нь цагийн эрхээр суларна гэдэгт итгэлтэй байна” хэмээн Сергей Лавров хэлжээ. Гэхдээ ам.долларын хэрэглээг шууд зогсоох талаар дурдаагүй юм.

Хоёр талт худалдаанд үндэсний мөнгөн тэмдэгт ашиглах нь бага зэрэг эрсдэлтэй гэнэ. Хэрэв аль нэг валют нь уналтад орвол нөгөө валютаа өндөр эрсдэлд оруулдаг байна. Түүнчлэн ерөнхийлөгч Режеп Тайп Эрдоган Турк эдийн засгийн холбоотнуудтайгаа худалдаа хийхэд ам.доллар ашиглах шаардлагагүй гэж мэдэгджээ.

Үүнээс гадна гадаад хэргийн сайд Лавров, Сирийн засгийн газар босогчдоос өөрийгөө хамгаалах эрхтэй ба Орос бүх үйл ажиллагааг нь дэмжинэ гэжээ. Харин Туркийн гадаад хэргийн сайд Мевлүт Чавушолу Сирийн ерөнхийлөгч Башар аль-Ассадыг сөрөг хүчний эсрэг үйл ажиллагаа хийхгүй байхыг ятгана гэсэн байна.

Ерөнхийлөгч Башар аль-Ассадын засгийн газар босогчдын хяналтад буй сүүлийн томоохон газар нутаг болох Идлиб мужийг чөлөөлөх төлөвлөгөөтэй буйгаа зарлажээ.

Засгийн газар нь тус бүс нутагт буй босогчдыг бууж өгөхийг уриалсан ухуулах хуудас илгээсэн байна. Гадаад хэргийн сайд Лавров сүүлийн үед Идлиб мужид Аль-Каидагийн хүмүүс хүчтэй халдлага хийсэн гэсэн юм.

Эх сурвалж: Reuters, Xinhuanet, NHK, FinancialTimes