Америкийн допингийн эсрэг газар Оросын багийг 2020 оны Токиогийн олимпоос хасахыг Олон улсын допингийн эсрэг газраас хүслээ. Америкийн төлөөлөгчийн хэлснээр Оросын багийг олимпын тугын дор оролцуулах бус олимпын наадмаас бүр хассанаар бусармаг үйлдлийг нь шийтгэж бусад тамирчдыг хамгаалах гэнэ. 

Оросын засгийн газар 2012-2015 онд 1000 тамирчны допингийн тестийн хариуг устгаж 30 тэмцээнд оролцсон байна. Олон улсын допингийн эсрэг газар энэ талаар ирэх сарын есөнд Парист болох хурлаар хэлэлцэж эцсийн шийдвэрийг гаргах юм. 

Олон улсын допингийн эсрэг газар болон Олон улсын олимпын хороо ирэх оны олимпод Оросын багийг олимпын тугийн дор оролцуулах санал гаргасан. Учир нь допингийн асуудалд холбоогүй тамирчид олон улсын томоохон тэмцээнд оролцох эрхээ хасуулах учиргүй гэж үзэж байгаа юм. 

Мөн зарим ажиглагчид Америкийн допингийн эсрэг газрын уг санал нь спортыг улс төртэй хольж байгаа гэж үзжээ. Өнгөрсөн 2016 онд Америк, Канадын допингийн эсрэг газрууд Оросын багийг Риогийн олимпоос хасах хүсэлт гаргасан юм. 

Оросын баг допингийн хэрэгт холбогдсоны улмаас өнгөрсөн оны Өвлийн олимпод Олимпын хорооны нэр дээр оролцжээ. 

Эх сурвалж: The guardian, RT