Оросын Новосибирск хот дахь Вектор биологийн судалгааны төвд дэлбэрэлт болж, түймэр гарсан байна. 

Дэлбэрэлт Даваа гарагт хяналтын өрөөг засварлах үеэр болсон ба нэг ажилтан түлэгдэж эмнэлэгт хүргэгджээ. Дэлбэрэлтийн үеэр цонхнууд хагарсан ч барилгад өөр томоохон гэмтэл учраагүй байна. 

Тус төвд аюултай халдварт өвчний вирусууд хадгалагддаг хэдий ч дэлбэрэлт гарсан өрөөнд биологийн аюулт материал байгаагүй гэнэ. Мөн Новосибирск хотын мэдэгдснээр дэлбэрэлтээс болж ард иргэдэд ямар нэг аюул заналхийлээгүй байна. 

Вектор судалгааны төв нь 1974 онд баригдсан ба ЗХУ-ын хүйтэн дайны үед биологийн зэвсгийн судалгаа хийдэг байжээ. Харин одоо гахайн ханиад, ДОХ, Эбола зэрэг халдварт өвчний эмчилгээ, вакциний судалгаа хийдэг дэлхийн томоохон судалгааны төвийн нэг болсон байна. 

Мөн тус төв дэлхий дээрх салхин цэцгийн вирусийн дээж хадгалдаг хоёр төвийн нэг бөгөөд нөгөө нь Америкийн өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв юм.

Мэргэжилтнүүдийн хэлснээр аюултай халдварт өвчний вирусийг маш нарийн журмын дагуу зөвхөн дөрөвдүгээр түвшний лабораторид хадгалдаг байна. Ийм төрлийн вирус нь 100 градусаас дээш халуунд үхдэг бөгөөд дэлбэрэлтийн улмаас орчинд тархах аюултай байдаг гэнэ. 

Эх сурвалж: CNN, My London