Энэ сарын найманд Оросын Северодвинск хот дахь цөмийн туршилтын байгууламж дэлбэрснээс болж дөрвөн цөмийн хяналтын станц ажиллагаагүй болсон гэж Цөмийн туршилтын эсрэг олон улсын байгууллага мэдэгдлээ. 

Цөмийн хяналтын станц нь агаар дахь цацраг идэвхит бодисын хэмжээг хянадаг байгуулламж юм. 

Цөмийн туршилтын эсрэг байгууллагын мэдээлснээр Дубна, Киров гэх станцууд осол гарснаас хоёр хоногийн дараа мэдээлэл дамжуулахаа больжээ. Улмаар станцын операторуудтай холбогдсон бөгөөд тэд холбоо, сүлжээний асуудал үүссэн гэж мэдэгдсэн байна. 

Харин Билибино, Залесово станцууд энэ сарын 13-нд унтарсан ба хэзээнээс хэвийн байдалдаа орох нь одоогоор тодорхойгүй байгаа гэнэ. Цөмийн туршилтын эсрэг байгууллага нь дэлхий даяар 300 гаруй цөмийн хяналтын станцыг хянадаг юм.  

Оросын арми энэ сарын найманд SSC-X-9 пуужинг туршсан ба энэ үеэр дэлбэрэлт гарсан байна. Ослын улмаас таван эрдэмтэн амиа алдаж агаарт цацраг идэвхит бодис тарсан юм. Оросын батлан хамгаалах яам цацраг идэвхит бодисын хэмжээг хэвийн түвшинд байгаа гэж мэдээлсэн бөгөөд ойр орчмын иргэдийг нүүлгэн шилжүүлсэн байна. 

Америкийн мэргэжилтнүүдийн хэлснээр SSC-X-9 пуужин нь жирийн пуужингаас удаан нисэх боломжтой тул цөмийн реактор ашигласан байх магадлалтай гэнэ. 

Эх сурвалж: CNN, Express