Зураг: cnn.com

Одоогийн ерөнхийлөгч Владимир Путинийг оролцуулаад нийт найман нэр дэвшигчид өрсөлдөж байгаа ба хэн нь хамгийн их ялах магадлалтай вэ?

Владимир Путин 66 хувийн саналаар дахин сонгогдох магадлал өндөр байна гэж шинжээчид үзэж байна.

Хэрэв Путин дахин сонгогдвол, 2008 оноос ерөнхийлөгчийн эрхийн хугацааг зургаан жил болгож хоёр жилээр сунгасан учир Путин ялбал 72 насандаа 2024 он хүртэл төрийн эрхэнд байх нь.

Сонгууль хэрхэн явагдах вэ?

Нэр дэвшигчид өнгөрсөн сарын 26-аас мэтгэлцэж эхэлсэн ба энэ сарын 15-н хүртэл үргэлжилнэ. Тэдний мэтгэлцээн улсын таван телевиз, гурван радиогоор цацагдах бөгөөд нэр дэвшигчид бүгд нэг дор телевиз тус бүрд очин мэтгэлцэх юм. Харин Путин оролцохгүйгээ илэрхийлжээ.

Анхны мэтгэлцээний үеэр нэр дэвшигч Ксения Собчак үндсэрхэг нэр дэвшигч Владимир Жириновский рүү ус цацаж ихээхэн шуугиан тарьсан билээ. Энэ явдалд ундуйцсан Жириновский Собчакийг ерөнхийлөгчийн сонгуулийг риалити шоу шиг болгож байна, энэ чинь тоглоом биш шүү дээ гэж шүүмжилсэн байна.

Харин сонгуульд ялахын тулд аль нэг нэр дэвшигч нийт саналын талаас илүү хувийг цуглуулах ёстой байна. Үгүй бол хамгийн их саналтай хоёр нэр дэвшигч 4 сарын 8-нд дахин сонгуульд өрсөлдөнө гэж tass.com бичжээ.

Сонгуулийн үеэр улс төрийн хэлмэгдүүлэлт болох магадлалтай гэж Либерал Яблоко нам олон нийтэд тэр тусмаа нийгмийн идэвхтэн, жагсагчдад сэрэмжлүүлсэн юм. Учир нь хэд хэдэн идэвхтнүүдийг хулгайлж эрүү шүүлт тулгасан, нэг идэвхтэнг хороосон зэрэг хэргүүд гарсан байна.

Нэр дэвшигчийн хэн нь хэн бэ?

Ксения Собчак, 36 настай, телевизийн хөтлөгч, нийгмийн зүтгэлтнээс улс төрч болсон эмэгтэй. Тэрээр өндөр албан тушаалтай улс төрчдийн гэр бүлээс гаралтай. Кцения-ийн эцэг Анатолий Собчак Путиний багш байсан төдийгүй 90-ээд онд Путин эцгийнх нь зөвлөхөөр ажилладаг байсан.

 

 

Сергей Бабурин, 59 настай, Хуулийн профессор мэргэжилтэй. Тэрээр Оросын бүх ард түмний холбооноос нэр дэвшсэн байна.

 

 

Владимир Жириновский, 71 настай, Оросын Ардчилсан либерал намын тэргүүн. Тэрээр 1991 оноос хойш ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн байна.

 

 

Павел Грудинин, 58 настай, Оросын коммунист намаас нэр дэвшсэн байна. Тэрээр фермер байсан ба Лениний улсын фермийн эзэн байсан. Оросын сонгуулийн төв комиссын мэдээлснээр 2011-2016 онд Гридинин 157.4 сая рублийн орлоготой байжээ.

 

Максим Сурайкин, 39 настай, Оросын зүүн коммунист намын тэргүүн бөгөөд хуучин Зөвлөлтийн дэглэмийг сэргээх хүсэлтэй нэгэн. Сталиний үзэл баримтлалыг дэмжигч гэж euronews агентлаг мэдээлжээ.

 

 

Борис Титов, 58 настай, Роста намын тэргүүн, бизнес эрхлэгчдийн улсын комиссар.

 

 

Григорий Явлинский, 65 настай, эдийн засагч, Либерал Яблоко намын тэргүүн.

 

 

Владимир Путин, 65 настай, КГБ-ийн тагнуул асан, Оросын хоёр дахь болон дөрөв дэх ерөнхийлөгч. Тэрээр 2011-2016 оны байдлаар нийт 38.5 сая рублийн орлоготой байсан гэж Оросын сонгуулийн төв комисс мэдээлсэн байна.

 

Путин өмнөх сонгуулиудад хэрхэн оролцож байсан бэ?

Зураг: Oросын сонгуулийн төв комисс

Иргэд хэрхэн сонгуулиа өгөх вэ?

Нийт 110 сая гаруй сонгуулийн насны иргэд байгаа ба орон даяар 18-ны өдөр сонгуулиа өгнө. Үүн дээр нэмээд гадаадад байгаа 1.8 сая Оросын иргэдэд 369 санал өгөх байр нээж өгөх юм байна.

Эх сурвалж: euronews.com, tass.com