Америкийн сангийн департмент Оросын бизнесмэн Олег Дерипаскатай холбоотой Русал, En+ Group, ЕвроСибЭнерго компанид тавьсан хоригоо цуцаллаа. Харин Дерипаскад тавьсан хоригийг хэвээр үлдээсэн байна.

Үүний хариуд компаниуд аудит, гэрчилгээ зэрэг шаардлагатай бичиг баримтыг Сангийн департментэд өгөх ёстойгоос гадна компаний удирдлагууд нь Дерипаскатай ямар нэг холбоогүй байхыг шаарджээ.

Америк өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Оросын ерөнхийлөгч Владимир Путиний холбоотон, бизнесмэн Дерипаска болон түүний хувьцаа эзэмшдэг хөнгөн цагаан үйлдвэрлэгч Русал, En+ Group зэрэг компаниудад хориг тавьсан юм.

Ийнхүү Дерипаска дээрх компаниудад эзэмших хувьцаагаа 50 хувь хүртэл багасгаснаар Америкийн засгийн газар өнгөрсөн сард хоригоо цуцлах талаар санал гаргасан байна. Америкт суугаа Европын элчин сайдууд ч уг саналыг дэмжсэн бөгөөд энэ нь хөнгөн цагааны салбарын олон мянган хүмүүсийн ажлын байрыг аварна гэж үзжээ.

Русал нь Хятадаас гадуурх дэлхийн хамгийн том хөнгөн цагаан үйлдвэрлэгч компани юм. Гэвч Америкийн хоригоос болж 2018 онд Хятадын хөнгөн цагааны экспорт хамгийн өндөр түвшинд хүрчээ.

Эх сурвалж: The Guardian, Channel news asia, Bloomberg