Оросын хакерууд олон улсын допингийн эсрэг газар болон спортын байгууллагуудад кибер халдлага үйлдэх аюултай байна гэж Майкрософт компани мэдээллээ. 

Компаний мэдээлснээр уг хакерын бүлэг нь Стронтюм эсвэл Фэнси беар нэрээр халдлага үйлддэг ба Оросын засгийн газартай холбоотой гэнэ. 

Уг бүлэг нь өнгөрсөн сарын 16-аас эхлэн гурван тивийн улсын болон олон улсын 16 спортын байгууллага руу кибер халдлага хийсэн байна. Эдгээрийн зарим нь амжилттай болсон ч ихэнх нь бүтэлгүйтсэн бөгөөд Майкрософт халдлагын талаар бүх хэрэглэгчиддээ анхааруулга өгчээ. 

Стронтюмын энэ удаагийн халдлага нь өмнөх олон улсын засгийн газар, арми, бодлогын институт, хууль, санхүүгийн фирм, хүний эрхийн байгууллага, их сургуулиудыг хакердаж байсантай ижил аргачиллаар явагджээ. Энэ арга нь хуурамч и-мэйл илгээх, нууц үг тайлах, интернетэд холбогдсон төхөөрөмж болон нээлттэй эх сурвалжийг ашиглах, вирус тараах юм. 

Майкрософт өмнө нь Стронтюмыг хуурамч домайн нэр ашиглахаас сэргийлж хуулийн арга хэмжээнүүд авч байжээ. Тухайлбал, өнгөрсөн жилийн наймдугаар сард 12 шүүхээс гаргасан шийдвэрийн дагуу 84 хуурамч вебсайтыг хаасан байна. Майкрософтын мэдээлснээр эдгээр вебсайтууд нь Америкийн улс төрийнхнийг чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг Оросын засгийн газрын хакеруудтай холбоотой гэжээ. 

Стронтюм нь дэлхийн хамгийн анхны кибер тагнуулын бүлгийн нэг бөгөөд Оросын тагнуулын агентлагтай хамтарч ажилладаг байна. 

Майкрософтын хэлснээр Стронтюм нь 2016-2018 онд спортын байгууллага болон допингийн эсрэг газруудын өвчний мэдээлэл, и-мэйлийг хулгайлж байжээ. Үүнээс болж 2018 онд Америкийн шүүхээс ял сонссон юм. 

Эх сурвалж: Reuters, Wired