Хоёр улсын Засгийн газар хоорондын уралдаанаар боловсрол, шинжлэх ухаан, бүс нутаг, хил орчим, ХАА-н салбарын хамтын ажиллагааны Дэд комисс, Ажлын хэсэг хуралдаж тодорхой тохиролцоонд хүрсэн байна.

Тухайлбал олон жил яригдсан УБТЗ ХНН-ийн хэрэгцээнд нийлүүлж байсан дизель түлшний онцгой албан татвар болох 100 орчим тэрбум төгрөгийн асуудлыг бүрэн шийдвэрлэжээ. Ингэснээр төмөр замын суурь бүтцийг шинэчлэх санхүүжилт шийдэгдэж байгаа юм.

Мөн манай улсад байгаа Оросын үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудлаар нэгдсэн шийдэлд хүрч, Оросын талаас найман орон сууцыг манай улсад хүлээлгэн өгчээ. Ингэснээр эхний ээлжинд 550 айл одоо амьдарч байгаа орон сууцаа өмчилж авах үндэс бүрдэж, үлдсэнийг нь үе шаттайгаар шийдвэрлэхээр боллоо.

Хуралдаанаар мал эрүүлжүүлэх хамтарсан хөтөлбөрийн гуравдугаар шатыг хэрэгжүүлэх, өнгөрсөн оны байдлаар 1.8 тэрбум доллар байсан худалдааны хэмжээг 2020 он гэхэд хоёр тэрбум долларт хүргэх, эрчим хүч, уул уурхайн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцсон байна.

Мөн талууд Засгийн газар хоорондын комиссын 21-р хуралдаанаас гаргасан шийдвэрүүд амжилттай хэрэгжсэн гэж дүгнэн 22-р хуралдаанаас гаргасан шийдвэрүүдэд Шадар сайд Ө.Энхтүвшин, Оросын Засгийн газрын орлогч дарга А.В.Гордеев нар  гарын үсэг зурж баталгаажуулсан юм.

Сануулахад, Халх голын түүхт ялалтын 80 жилийн ойг манай хоёр улс хамтран тэмдэглэх бөгөөд энэ хүрээнд Оросын ерөнхийлөгч Путин наймдугаар сард Монголд албан айлчлал хийхээр төлөвлөсөн байна.