Их Британид амьдарч байсан Оросын тагнуулч асан Сергей Скрипаль, түүний охин Юлия нарыг өнгөрсөн гуравдугаар сард Новичок гэх бодисоор хордуулсан хэрэгт сэжиглэгдэж буй Александр Петров, Руслан Боширов нар өөрсдийгөө буруугүй гэлээ.

Тэд Оросын төрийн өмчийн РТ телевизэд ярилцлага өгөхдөө, Их Британий тагнуулын газрын тодорхойлсон гадаад паспорт жинхэнэ гэдгийг баталсан бөгөөд өөрсдийгөө спортын бэлдмэлийн бизнес эрхэлдэг гэж танилцуулсан байна.

Мөн хэрэг гарахын урьд өдөр Салисбури хотод найзынхаа урилгаар очсон ба цастай байсан учир нэг цагийн дараа буцсан гэжээ. Тэгээд дараа өдөр нь эргэн ирж хотоор зугаалахдаа Скрипалийн гэрийн хажуугаар санаандгүй өнгөрсөн байж магадгүй гэсэн юм.

Харин Их Британий ерөнхий сайд Тереза Мэйн хэвлэлийн төлөөлөгч уг ярилцлагыг илт тавилттай жүжиг, тагнуулын газрыг доромжилсон үйлдэл гэж үзжээ.

Эх сурвалж: BBC