Оросын 100 гаруй цэрэг, 35 тонн техник хэрэгсэл ачсан армийн хоёр онгоц Бямба гарагт Венесуэлийн нийслэл Каракас хотын нисэх буудалд газардсан гэж Венесуэлийн сэтгүүлч Хавьер Майорка твиттер хуудаснаа жиргэжээ.

Хоёр орны Батлан хамгаалахын яам уг асуудалд хариулт өгөөгүй байна. Орос, Венесуэлийн арми өнгөрсөн 12-р сард хамтарсан цэргийн сургуулилт хийсэн бөгөөд энэ үеэр Орос цэргийн хоёр онгоц илгээсэн байна.

Мөн Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро өнгөрсөн Лхагва гарагт мэдэгдэхдээ Орос хоёрдугаар сард 300 тонн хүмүүнлэгийн тусламж илгээсэн бөгөөд энэ долоо хоногт эм тарианы тусламж үзүүлнэ гэжээ.

Өнгөрсөн хоёрдугаар сард Мадуро Колумбын хил дээрх Америкийн хүмүүнлэгийн тусламжийг хил давуулахыг зөвшөөрөөгүй юм.

Учир нь сөрөг хүчний удирдагч Хуан  Гуайдог Америкийн тусламжтайгаар засгийн эрхийг булаан авахаар оролдож байгаа гэж тэрээр үзсэн юм.

Мөн Венесуэлийн засгийн газарт тавьсан Америкийн хоригийг эсэргүүцсэн ба өөрийгөө ерөнхийлөгчийн орлогчоор зарласан Гуайдог дэмжиж буй бусад орнуудыг ч буруутгасан байна.

Венесуэлийн гол холбоотон болох Орос улс нь тус улсын олон тэрбум долларын зээл, газрын тосны экспорт, цэргийн үйл ажиллагааг нь дэмжсээр иржээ.

Эх сурвалж: Reuters, CNN