Хэнтий аймгийн Батширээт сумаас зүүн хойд зүгт 80 км-т орших Хашлиг гэх газарт Монгол улсын хилийн 783-р тэмдэгтийн чиглэлээр Оросоос ойн түймэр орж ирсэн тухай дуудлагыг энэ сарын 22-нд ОБЕГ хүлээн авсан юм. Түймрийг унтраахаар нийт 269 хүн, 20 автомашин, 42 морьтойгоор ажиллаж байгаа ч бүрэн унтраагаагүй байна.

Өчигдрийн байдлаар түймрийн зүүн хойд хэсгийг унтраасан ба баруун урд, урд хэсгийг бүрэн унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар түймэрт 19500 га ой шатсан гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Үүнээс гадна Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумаас хойд зүгт 45 км-т орших Бөгсийн дөмөг гэх газарт энэ сарын 27-нд гарсан түймрийг цурманд оруулсан байна. Түймрийг унтраахаар нийт 47 хүн, есөн техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа ба хоёр га талбай шатжээ.