ХХААХҮЯ-ны сайд Ч.Улаан энэ сарын 13-15 өдрүүдэд Москва хотноо айлчилж, Оросын Хөдөө аж ахуйн сайд Д.Н.Патрушевтэй хэлэлцээр хийлээ.

Уулзалтаар Орост нийлүүлэх мах, махан бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх, Монгол-Оросын хил орчим хамтарсан махны үйлдвэр, хорио цээрийн бүс бүхий цогцолбор байгуулах санал дэвшүүлсэн байна.

Мөн Монгол малын чанарыг сайжруулах зорилгоор Оросоос цэвэр үүлдрийн мал нийлүүлэх, малын удмын санг хамгаалах судалгаа, Оросын эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцжээ.

Ийнхүү энэ оны Монгол Оросын хооронд стратегийн түншлэл хөгжүүлэх тухай тунхаглалын үзэл санааны дагуу хоёр улсын ХАА-н салбарын хамтын ажиллагаа өргөжиж буйг онцолсон байна.

Сонирхуулбал, манай улс 1921 онд тусгаар тогтнолоо зарласан цагаас Зөвлөлт Орос улстай дипломат харилцаа тогтоосон юм. Үүнээс хойш улс төр, батлан хамгаалах, зам тээвэр, эрдэс баялаг, эрчим хүч, хүнс, хөдөө аж ахуй, соёл боловсрол, эрүүл мэндийн салбаруудад идэвхтэй хөгжсөн байна.