Орост бага насны хүүхдийг бэлгийн харилцааны зорилгоор худалдах үйлчилгээ үзүүлдэг цахим хуудсыг илрүүлжээ.  Тус улсын харилцаа холбооны салбарт хяналт тавьдаг Роскомнадзор агентлагаас хүүхдийн брэнд хувцасны дэлгүүр гэсэн халхавчны цаана үйл ажиллагаа явуулж байсан тус сайтыг хар дансанд бүртгэн, хэдхэн цагийн дотор хаасан байна.

Сpidzhak.ru гэх цахим хуудас нь 5-8 насны хүүхдийн зургийг тавьж, өмссөн хувцсыг нь худалдаж авах эсвэл түрээслэхийг санал болгодог байжээ. Ингээд зураг бүрийн дор тухайн моделийн нэр, нас, үнийг бичдэг байна.

Эдгээр хувцсыг нэг цагаар түрээслэх үнэ 35-100 мянган рубль буюу 530-1500 доллар байсан нь ямар ч нэртэй брэндийн хувцсаас давсан үнэтэй байсан нь анхаарал татжээ. Модель хүүхдийн нас багасах тусам түрээсийн үнэ их байгаа нь интернэт хэрэглэгчдийн сэжиг таамгийг улам баталсан байна. Үүнээс гадна тус цахим хуудас нь "Москва хотоос гадна ч хүргэлттэй, төлбөрийг зөвхөн криптовалютаар хийнэ" гэх мэтээр сурталчилсан байжээ.

Энэ хэргийг интернэт хэрэглэгчдийн мэдээллээр илрүүлж, цахим хуудасны цаадах эздийг тодруулах ажил эхэлсэн байна. Роскомнадзор агентлагаас ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг цахим хуудсууд бий гэж үзэн, илрүүлэх ажилдаа орсон байна.

Зураг: thesun
Зураг: thesun
Зураг: thesun

Эх сурвалж: rt, thesun