Оросын гурван хотод интернэтийн хараа хяналтын хуулийг эсэргүүцсэн иргэд жагсаал хийлээ. Тус улсын засгийн газар өнгөрсөн сард Оросын интернэт сүлжээг дэлхий ертөнцөөс тусгаарлаж кибер аюулгүй байдлаа сайжруулах төслийг танилцуулсан юм.

Харин жагсагчид үүнийг иргэдийн интернэт хэрэглээг хянаж үзэл бодлыг нь нуух оролдлого гэж үзжээ. Москва хотод болсон жагсаалд 15 мянган хүн оролцсон гэж хүний эрхийн идэвхтнүүд мэдээлсэн бол цагдаагийн газар 6500 орчим иргэн жагссан гэж мэдэгдсэн байна.

Цагдаа нар жагсаалд оролцсон 15 хүнийг саатуулсан гэж хүний эрхийн идэвхтнүүдийн мэдээлсэн ч хууль сахиулах газраас үүнд баттай хариулт өгөөгүй юм.

Олон улсын интернэт сүлжээ ашиглахаа больж дотооддоо сүлжээ нэвтрүүлснээр Орос улс Америкийн кибер халдлагаас сэргийлж чадах гэнэ. Уг хуулийн төслийг ирэх сард парламентаар батлагдвал ерөнхийлөгч Владимир Путин гарын үсгээ зурсны дараа албан ёсоор хэрэгжиж эхлэх юм.

Орос улс сүүлийн жилүүдэдинтернэтийн хуулиа чангатгаж байгаа ба өнгөрсөн Пүрэв гарагт ерөнхийлөгч болон парламентын гишүүдийг интернэтээр доромжилсон тохиолдолд мөнгөн торгууль, хорих ял оноох хууль баталжээ.

Мөн өнгөрсөн жил Телеграм мессежний аппликейшнийг хаахыг оролдсон бөгөөд үүнийг эсэргүүцсэн 7000 гаруй иргэд жагсаж байсан юм. Учир нь Оросын засгийн газар уг аппликейшнийг тус улсын террорист байгууллагуудын харилцааны гол хэрэгсэл гэж үзсэн байна.

Эх сурвалж: BBC, Reuters